englishlogo

“ЖАГАР”-ЫН МОНГОЛ ХОТХОН

    July 9, 2024

1977 оны 11 дүгээр сарын нэгэн өглөө би сонин гарчиглаж байгаад тухайн үеийн ерөнхий сайд асан хатагтай Индира Гандиг Монголпурид зочилж, сонгуультай холбоотой уулзалтад оролцох гэж байгаа талаар уншсан юм.  Миний анхаарлыг татсан тэрхүү “Монгол” гэдэг үг уг нь миний төрөлх Монгол оронтой холбоотой байсан боловч би үүнийг хинди хэлний “Мангал” буюу “баяр баясгалан” гэсэн утгатай үг байх гэж бодоод өнгөрсөн билээ. 

Удалгүй нэгэн албан ёсны арга хэмжээнийн үеэр нэг хүн надтай ярилцаж байхдаа Монголпуригийн гарал үүслийн талаар судалгаа хийж буй эрдэмтэн судлаачдын ажилд сэтгэл дундуур байдаг тухайгаа хэлсэн юм. Миний сониуч зан хөдөлж энэ талаар илүү ихийг мэдэж авах хүсэлд автсан тул уг хотын талаарх үнэн түүхийг судлахаар сэтгэл шулуудав. Ингээд би Энэтхэг дэх монголчуудын талаар  болон буддын шашны тухай өгүүлсэн хэд хэдэн ном уншиж үзээд мэдлэгээ улам лавшруулах үүднээс Монголпури хэмээх тосгонд очихоор шийдлээ. 

Тэгэхэд би хуучны анд болох сингх сэтгүүлчтэй хамт явсан бөгөөд Монголпури хотхоны хүмүүсийн төрх байдал, ааш зан миний сэтгэлийг ер бусын ихээр хөдөлгөлөө. Эхлээд бид уг хотхоны ахлагч ноён Рам Чандратай  уулзав. Тэрээр биднийг эгээ л өөрийн төрсөн ах дүүс мэт найрсгаар угтан авсан билээ.  Төрөлх хотхон нь Монгол орны нэрээр нэрлэгдсэн болохыг сонсоод тэрээр ихэд гайхсан боловч энэ талаарх түүхийг сайн мэддэггүй бөгөөд анх эцэг эхээсээ энэ хотхоны нэрийг мэдэж авсан гэдгээ учирлав. 

Энэ нутагт тэртээ 400-500 жилийн өмнө Лахорын ах дүү хоёр найз нөхөд, ах дүүсийн хамт ирж суурьшсан гэдэг домог байдаг.  Монголын эртний уламжлалт ур хийц бүхий хуучны барилга, сууцнуудыг харахад дээрх домог яриа үнэний ортой гэдэг нь батлагдаж байна.  Том ах нь хотын ихэнх хэсгийг өөрийнхөө мэдэлд авч, “Кала” хот гэж нэрлэсэн бол зүүн хэсгийг дүү нь авч “Күрд” хэмээн нэрийджээ. Ах дүү хоёр исламын шашинтан байсан гэдгийг сонсоод  би бага зэрэг эргэлзсэн билээ.

Хотхоноор тойрон явж үзсэн боловч би нэг ч монгол хүнтэй таараагүй. Гэхдээ  эндэхийн зарим дуган болон исламын шашинтнуудын мөргөлийн сүм Монголын уламжлалт гэр сууцтай зарим талаараа төстэй байгааг анзаарлаа. 

Алигархын Исламын их сургуулийн багш хатагтай Мансура Хайдер “Монголчууд Энэтхэгийг Жагарын орон гэж нэрлэдэг...” хэмээн хэлснийг уншаад энэ талаар мэдэж авсан зүйлдээ улам итгэлтэй болсон билээ. 

Хэдийгээр Жалалуддин базаахгүй удирдагч байсан боловч гарамгай дайчин байсан гэдэг нь гарцаагүй бөгөөд Монголчуудтай дайтах урлагийг гаргууд эзэмшсэн нэгэн байжээ. Тэр бол эртнээс хэрэглэж ирсэн ураг барилдах ёсыг ашиглан Монголчуудтай эв зүйгээ ололцохыг хичээж байсан мөнөөх Жалалуддин билээ. Чингис хааны ач хүү Алхэ хожим исламын шашинд орж, дараа нь султаны гүнжтэй гэрлэсэн юм. Алхэг дагасан хүмүүст шан харамж, тэтгэмж олгон, Гаяаспур, Килогархи болон Индрапатын газар нутагт суурьшуулсан бөгөөд энэ бүс нутгийг “Монголпури” гэж нэрлэсэн байна. Хэдийгээр тэдний нэг хэсэг нь Энэтхэгийн  цаг агаарт дасан зохицож чадалгүй эх нутгаа зорьсон боловч үлдсэн монголчууд нь шинээр суурьшсан нутагтаа сайхан амьдарч, шан харамж хүртэн суусан бөгөөд тэднийг шинэ исламчууд гэж нэрлэх болжээ. 

Гаднын дайсандаа ийнхүү хамаг эд баялаг, сайн сайхан бүхнээ алдаж байгаадаа хорссон Исами гэгч бээр эдгээр шинэ исламчуудыг афганчуудын нэгэн адил дээрэмчид болон өндийх вий хэмээн сэжиглэж байлаа. Тэд маш их эд баялгийг булаан авч, үүндээ ихэд хөөрөн сагсуурч байлаа. Нэгэнтээ булааж авсан эд агуурсаа буцааж өгөхийг шаардсанд тэд ихэд уурсан морьтон цэргүүдээ дагуулан очиж, нэгэн хүнийг Үлүг  хан хэмээн эндүүрч амийг нь хөнөөсөн гэдэг. 

Миний анд, Делигийн их сургуулийн доктор Сатиш Гарх нэгэнтээ надад “Энэтхэгийн Дели хотод Монголпури гэдэг нэртэй хот, тосгон хүртэл байсаар атал энэ талаар огт ярихгүй байгаа нь ер бусын гэхээсээ илүүтэй сонирхолтой юм. Жалалуддин Хэлжигийн үед монголчууд дайран довтолсны дараахан энэ хотхон үүссэн түүхтэй. Монголчууд Энэтхэг рүү баруун хойд талаас нь үе үе довтолдог байлаа.  Дели хотыг Дэвгири рүү нүүлгэсэн гол шалтгаан энэ байсан гэдэг. Энэ үеэс монголчууд Энэтхэгт, ялангуяа Делид суурьшсан юм шүү” хэмээсэн билээ. 

“1221 онд Чингис хаан цэргээ өмнө зүгт хөдөлгөсөн бөгөөд XIII зууны үед, Цагаадай хүүгийнх нь байгуулсан хаант улсын зүгээс үргэлж аюулын дохио ирдэг байлаа. Монголчуудын зарим нь Лахорт суурьшиж, нийслэл хотын хана хэрэм өөд дайрдаг байлаа. Сүүлд Цагаадай хаан исламын шашныг хүлээн авсан юм”. 

Энэтхэгийн дундад зууны үеийн түүхэнд (Medieval India by Stanley Lane-Poole, хуудас 96-97) монголчууд 1296-1305 оны хооронд Индус мөрнөөр дамжин удаа дараа довтолж байв. 1297 онд Хүтүлүг Хважа Оксусаас Дели хүртэл их цэргийн цуваа илгээснээр хамгийг хүнд бэрх дайн тулаан болсон ажээ. Тэрээр өөрөө их цэргийн цувааны ард явах бөгөөд жагсаалын эхэнд маш олон оргодол гэмтнийг оруулсан гэдэг. Энэ үеэр гудамнуудыг хаасан тул хаа сайгүй өлсгөлөн нүүрлэжээ. Нийслэл хотыг хамгаалах хориг хаалт ч байсангүй... Монголчууд олноороо орж иржээ.  Цэргийн өргөн цуваагаар орж ирсэн нүүдэлчид ийнхүү Энэтхэг  болон Делигийн бүсэд суурьшсанаар “Монголпури” буюу “Монгол таун” хэмээх хотхонууд бий болсон аж.  Ийнхүү суурьшсан даруйдаа  исламын шашинд орсон тул тэднийг “Шинэ исламчууд”  гэж нэрлэдэг  болов.  Тэд ер бусын ээдрээтэй хувь заяаг туулсан юм. Ихэд ядуу зүдүү амьдарч байсан нь   төрд аюул учруулахуйц хэмжээнд хүрчээ. Тэд бослого гаргахаар хоорондоо үгсэж байсан байсан нь илчлэгдсэн тул Алауддин шинэ исламчуудыг нэг өдрийн дотор устгах зарлиг буулгасан байна. Энэхүү зарлигийн дагуу 30,000-40,000 орчим монгол хүнийг амийг хөнөөж, байр сууцыг нь тонон дээрэмджээ. 

Яг одоо Монголпурид бага орлоготой, амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд зориулсан  суурин барьж байгуулж байна. Нийгмийн бүхий л давхаргын, өөр өөр шашин шүтлэгтэй хүмүүс энд ирж суурьшиж байгаа учир  уг хотхоны онцлог уламжлал гээгдсээр буй нь мэдээж. Гэхдээ хуучин хотхонд хүмүүс  могулын буюу монгол хэв маягаар аж төрсөөр байгаа тул монгол соёлын онцлог төрх тод ялгаран харагдсаар л байгаа билээ. 

Бүгд Найрамдах Энэтхэг улсын элчин сайдын яам
Монгол улсын гадаад харилцааны яам