Хүннү-Энэтхэгийн хэлхээ холбоо.1148 онд Rajatarangani- Хаадын түүхийн урсгал-River of Kings гэдэг номыг Кашмирын Пандита Калхана гэдэг эрдэмтэн самгарьд хэлээр туурвижээ. Түүнийг Энэтхэгийн эртний түүх, Кашмирын түүх ч гэдэг. Тэгвэд бид ч бас манай Хүннүгийн түүхийн Энэтхэг дэх хэсэг гэж үзэх үндэслэлтэй. Яагаад вэ гэвэл, Тораманаар удирдуулсан хүннүчүүдийн хаадын удам судрын жагсаалтыг тэнд бичжээ. Түүнийг баталгаажуулан Хүннүчүдийн үлдээсэн хадны бичиг, чулуун багана зэрэг 6 зүйлийг Др.О.Нямдаваа олж тогтоожээ[1]. Хүннүчүүд Төв Азид очоод хоёр хуваагдаж, Тораманаар (Атила гаар удирдуулсан хэсэг нь Европт байлдан дагуулалтаа хийсэн) удирдуулсан хэсэг нь өөрийн эзэмшлээ өнөөгийн Энэтхэгт НТ 455-460 онд тогтоосныг Энэтхэгийн томоохон эрдэмтэд батлан бичжээ. Ялангуяа Др. Атреи Бисвас, Др. Кришна Чандра Сагар ,Др. Упендра Такур, Др.Ромила Тапар нар хүначуудын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй олон ном зохиол туурвижээ( Huna гэдгийн “а” дуудагдаггүй, хэлний үзүүрийн “н” үсгээр тэмдэглэсэн байгаа юм. Түүнийг бид Хүн гэж дуудаж болох талтай, бас тэгж ойлгох хэрэгтэй юм.ОН.). Др Атреи Бисвасын бичсэн тэмдэглэлд Ражтарангани-д бичсэн зарим хаадын нэрс, дэс дараалалыг Энэтхэгийн нэн эртний бусад эх сурвалжтай харьцуулахад зарим нэгэн зөрөө байгааг дурьдсан байна.
Мөн Самгарьд уран зохиолд гардаг Хүна гэдэг нь монголчуудад өгсөн нэр бөгөөд хүмүүн буюу баатар хэмээх Монгол үг гэж Др Локеш Чандра тэмдэглэжээ.
Ражатарангани номыг Унгарын судлаач Аурел Стейн гэдэг хүн 1862 онд англиар орчуулж нийтийн хүртээл болгосон түүхтэй. Хожим нь 1930 онд Ж.Неругийн өмнөх үгтэйгээр Энэтхэгийн эрдэмтэн Р.С. Пандита орчуулж гаргаснаар өргөн дэлгэрэнгүй дэлгэрсэн байна.
Соёл, оюуны хэлхээ холбоо: Тэгвэл манай хоёр орны эрдэмтэн судлаачид Монгол-Энэтхэгийн хэлхээ холбоог 1500- 10000 жилийн түүхтэй гэдгийг тэмдэглэсэн байна. Тэгэхдээ олон зуун жилийн түүхтэй энэ хэлхээ холбоо СОЁЛ-ын харилцаанаас үүдэлтэй гэдгийг Энэтхэгийн эрдэмтэн Локеш Чандра тэмдэглэсэн байдаг. Түүний үзэж байгаагаар Монголын төрийн далбайн дээр байгаа Соёмбо үүнийг гэрчилнэ гэжээ.
Энэтхэгийн эрдэмтэд Бурханы шашинаас өмнө соёлын, хүн хоорондын харилцаа эхэлсэн гэдгийг тэмдэглэсэн байна. Бурханы шашины хэлхээ холбоо хожим хойно эхэлсэн гэдэг ойлголтыг өгсөн байдаг.
Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амар гуайн 1924 онд бичсэн “Монголын товч түүх”-ийн номонд “монголчуудын өвөг дээдэс Хималайн уулын цаанаас ирсэн хэмээн бичсэн нь бий”
Л.Н. Гумилев “Хүн Гүрэн” номондоо Хүн улс бол орчин үеийн монгол нутагтт үүссэн МЭӨ 209 оноос МЭӨ 97 оныг хүртэл хөгжин цэцэглэсэн” гэжээ. Оросын зарим эрдэмтэн Энэтхэг рүү нүүж очсон хүннүчүүдийг цагаан хефталитес гэж бичдэгийг манайхан дагадаг байсан юм билээ. Одоо зөвөөр хүннүчүүд хэмээн ойлгох цаг иржээ.
Бурханы шашин, хүн хоорондын хэлхээ холбоо: Дараачийн нэгэн хэлхээ холбоог Бурханы шашин Төв Азиар дамжин Монголд нэвтэрснийг харуулсан баримт Шинжаан Уйгарын Кашгар хотоос 20 км-т оршдог Бурханы шашины том сүм хийдийн III зууны туурь болно. Үүнийг Хятад улс төрийн хамгаалалтандаа авсан байна.Үүнээс хойш Түвдээр дамжин Шарын шашин дахин Монголд нэвтэрсэн түүхтэй.
Өвөг Монголчууд:Нөгөө нэгэн хэлхээ холбоо бол Энэтхэгийн зүүн хойт бүсийн 8 мужийн 30 сая хүмүүс юм. Тэднийг манай эрдэмтэн Ш.Бира болон ДрЛокеш Чандра нар өвөг Монголчууд (Proto Mongol) гэж нэрэлдэг. Тэд бол Монгол гарал үүсэлтэй боловч монгол хэлгүй хүмүүс. Тэдний монголчуудтай соёл, зан заншил ахуй амьдралын хувьд 57 зүйлээр ижил төсөөтэй байгааг Др.О.Нямдаваа тэр нутгаар аялан явж судлан тогтоосон байна. Нэгэнт Энэтхэгийн салбар тивийн Монголчуудын асуудлыг хөндсөн учраас Балбын Монголчуудын тухай хоёр өгүүлбэр энд хавчуульяа. Балбын Монголчуудын тоо 12 сая орчим. Тэд өөрсдийгөө монгол гэж нэрлэнэ. “Монголын дуу хоолой” сэтгүүл гаргана, “Мисс Монгол” тэмцээнээ жил бүр зохион байгуулна. Бас “Монголын зүрх сэтгэл хамтлаг “-тай түүний дуучин нь Лама. Энэтхэгийн өвөг монгол, Балбын монголчууд хоорондоо их төсөөтэй. Тэдний дотор 20 гаруй овогууд байдгийн дотор Хэрэйд аймгийнхан нэлээд тархсан байна. Энэтхэгийн өвөг Монголчуудын төлөөлөл Энэтхэгийн парламентын хоёр танхимд 50 гаруй суудалтай. Тэдний дотор миний олон сайхан андууд бий. Үүнийг манай залуучууд үргэлжлүүлэх нь чухал.
Эдгээр эртний хэлхээ холбоог товчлоод Делийн Султанат улс, Их Монгол улсын харилцааны талаар тэр үед бий болсон Нью Дели хотын Монголпури (Монголчуудын хотхон)дүүргийн талаар хэдэн зүйл тэмдэглэе.