logo

Монгол, Энэтхэгийн өнөөгийн харилцаа хамтын ажиллагаа - 1

    October 14, 2024

Энэтхэг улс тусгаар тогтнолоо 1947 онд олж авсаны дараахан олон улсын томоохон хэд хэдэн үйл ажиллагаа, хурал эх орондоо зохион байгуулж тусгаар тогтносон улс болсоноо Азийн хөгжиж байгаа орнуудад болон дэлхий дахинд Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Ж.Неру харуулсан байдаг. Түүнд иь Монгол улс хэдийгээр дипломат харилцаа тогтоогоогүй боловч төлөөлөгчдөө хэд хэдэн хуралд оролцуулж Ж.Неру, Махатма Ганди нартай уулзуулсан түүхтэй. 

Түүнд ЗХУ -ын тодорхой нөлөө байсан бололтой. Тэдгээрийн дотроос Ж.Неругийн удирдан зохион байгуулсан 1947 оны Азийн орнуудын харилцааны анхдугаар бага хурал билээ. Урилгын дагуу Ш.Лувсанвандан, Лха. Норовсамбуу, Д.Шарав нар Монголоос оролцож үг хэлсэн байдаг. Мөн Цаг уурын, Бурхан багшийн мэлмийгээ нээсний 2500 жилийн ойн хуралд манайхан ихээхэн ач холбогдол өгч Гандантэгчинлэнг хийдийн Цогчин гисгүү Т.Гомбодоо, МУИС –ийн проф. Ш. Лувсанвандан нарыг оролцуулсан бол Дипломат харилцаа тогтоохын өмнөхөн Энэтхэгийн судлаач эрдэмтэн Рагу Вира Москвагаар дамжин Монголд айлчилж, түүнийг Ю.Цэдэнбал дарга болон Гандан хийдийн хамба, ШУА-ийн Ерөнхийлөгч нар хүлээн авч уулзаад Монгол Данжур, Ганжурыг хувилан өгчээ. Энэ хүн жирийн нэгэн эрдэмтэн байсангүй, Энэтхэгийн хинду шашины хинди соёлын үзэл бодлыг баримталдаг Жансанг намын дарга байсан хэдий ч Конгресс намаас сонгогдсон  Ерөнхий сайд Ж.Неруд Монголд хийсэн айлчлалынхаа талаар Рагу Вира цахилгаан утас Ерөнхий сайдад илгээж айлчлалынхаа үр дүнг мэдээлж байсан цахилгаан утас байдаг. 

Ийм аятайхан хөрс үүссэн нөхцөл байдлын дунд Бээжингээр дамжин манай хоёр орны хооронд дипломат харилцааг 1955 оны 12 дугаар сарын 24-д тогтоосон түүхтэй[1]. Монгол улс 1956 онд Элчин сайдын Яамаа Нью Делид нээж байгуулсан бол БНЭУ  ЭСЯ-аа 1970 онд байгуулжээ. 

Монгол улс яаран Элчин сайдын Яамаа Энэтхэгийн Нью Делид байгуулсан учир шалтгаан гэвэл, Монголыг НҮБ-д элсүүлэхэд хөгжиж байгаа орнууд, ЭҮНХ-ний дэмжлэг авах, тэдний дотор идэвхитэй ажиллах шаардлагатай байлаа. Тэр боломжийг Нью Дели бидэнд олгож байлаа. Тэнд харьцангүй олон орны төлөөлөгчийн газрууд болон олон улсын зарим байгууллага байгуулагдсан байлаа. Нөгөөтэйгүүр Энэтхэг бол эртний харилцаа холбоотой, бидний анд орон байж найрсагаар хандлаа. Мөн Делид байгаа хөгжиж байгаа өрнөдийн болон Азийн орнуудтай дипломат харилцаа тогтоох өөр нэгэн боломж Москвагийн хажуугаар бидэнд үүссэн. Нэг үгээр хэлбэл Нью Дели хөгжиж байгаа болон ЭҮНХ орнууд руу хандан харсан Монголын цорын ганц цонх болж 1956 оноос гэрэлтэн ассан.

Монголчуудын өмнө хөрөнгөтөн оронд ажиллах шинэ Дипломатын үйл ажиллагаа үүссэн бөгөөд дипломатын түүхэндээ цоо шинэ анхны алхам хийсэн юм. Тэнд нарийн мэргэжлийн дипломат хүмүүсээ ажиллуулсны дотор М.Дүгэрсүрэн, П.Шагдарсүрэн, О.Хосбаяр, Б.Дашцэрэн, Б.Жаргалсайхан, Д.Чулуундорж, О.Нямдаваа, Г. Ганболд зэрэг манай дипломатын урлаг соёлыг эзэмшсэн мэргэжлийн хүмүүс ажилласан түүх үлджээ. Бид тэднээр бахархан хүндэтгэх үүрэгтэй.


Бүгд Найрамдах Энэтхэг улсын элчин сайдын яам
Монгол улсын гадаад харилцааны яам