Зах зээлд шилжих үед Энэтхэгтэй эдийн засаг, худалдааг хөгжүүлэхэд Монголын тал анхаарал тавьж улмаар Энэтхэгийн хувийн секторын Бирла группээр цементийн үйлдвэр, цаасны үйлдвэр, будгийн үйлдвэрийг 80-д оны сүүлчээр Монголд байгуулсан боловч төдийлөн үр дүнгээ өгөөгүй. Харин Ражив Гандийн нэрэмжит сургуульд мэргэжилтэй ажилтан бэлтгэх ангиудыг нээн ажиллуулах, А.Б. Важпаии-н нэрэмжит мэдээллийн технологийн сургуулийг орчин үеийн техник хэрэгслээр хангахад Энэтхэгийн ITEC хөтөлбөр сайн үүрэг гүйцэтгэсэн. Мөн Монголын оюутныг Энэтхэгийн их дээд сургуулиудад суралцуулах цалинг Энэтхэгийн засгийн газраас олгож эхэлсэн нь зах зээлийн мэргэжилтэнг бэлтгэхэд чухал ач холбогдолтой байлаа. 1998 оноос мэдээллийн технологийн салбарт илүү анхаарал тавьж П.Махажан сайдын дэмжлэгийг авч чадсан нь маш их ач холбогдолтой байлаа. 1988 онд Ж.Неругийн их сургуульд Монгол судлалын анги нээж, монгол хэл зааж эхэлсэн нь хоёр орны харилцаанд шинэ үе эхэлснийг харуулсан. Үүний зэрэгцээ 1999 онд Балбын Вант улсад ИЖБ –гээ Элчин сайд О.Нямдаваа бариад буцах замдаа нарийн бичгийн дарга Г.Ганболдын хамт Энэтхэгийн Гаяагийн засаг захиргааны хүмүүстэй уулзаж, Монгол сүм байгуулах газар хүссэн юм. “Бодгаяагийн гол сүмийн ойролцоо ямар ч газар байхгүй. Харин 20 км зайтай жаахан газар олгож болно” гэсэн хариу аваад “Манай мөргөлчид 10 гаруй цаг онгоцоор явж ирдэг их холын хүмүүс. Бид чинь оюун санааны хөршүүд. Тэд өдөр шөнөгүй эндээ байж мөргөөд буцах хүсэлтэй. Иймд та сайн бодож үзнэ үү” гэхэд Камбожийн хаан Народум Сианукт-т өгсөн нэгэн газар үлдсэн гэснээр яриа өөрчлөгдөж, түүнийг сонирхож олон жил ятгасны эцэст өөрийн болгосон түүхтэй. Бурхан багшийн мэндэлж мэлмийгээ нээсэн Люмбинид Н.Багабанди Ерөнхийлөгчийн айлчлалын үед сүм байгуулах газар авсан бас нэгэн түүхэн үргэлжлэл бий. Үүний зэрэгцээ олон арван ламхай нарыг Энэтхэгт сургахад дэмжлэг үзүүлж ирсэн. Нөгөө талаас Бакула элчин сайд Монголд 10 жил ажиллаж ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Энэ үед Випишна бясалган, Иогийн сургалт, Шри Шри-гийн сургалт, Энэтхэг ресторан Монголд байгуулагдан хамтын ажиллагааны цар хэмжээ урьд өмнө байгаагүйгээр өргөжсөн. Одоо Энэтхэгийн 5 ресторан Улаанбаатарт ажиллаж байна. Зам байгуулалтын хяналтын ажлыг зохион байгуулдаг Ай Си Ти гэдэг Энэтхэгийн консалтын компани Монголд үйл ажиллагаагаа 1990-д оноос явуулж эхэлсэн байна. Энэтхэгийн ЭСЯ хинди хэлний дугүйлан Улаанбаатарт байгуулж, МУИС-д бурханы шашины гүн ухаан, самгарьд хэлний сургалт явагдаж эхэлсэн. Үүний зэрэгцээ англи хэлний багш, Энэтхэгийн мэдээллийн технологийн мэргэжилтэнг манай банк, хувийн сургуулиуд, үйлдвэрийн газруудад гэрээгээр ажиллаж эхэллээ. Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулахад Энэтхэгийн тал тусалж жил бүр 4-6 багш өөрсдийн зардлаар Монголд 4 жил дараалан ирүүлж ажиллуулсан боловч манай талын хариуцлагагүйгээс болж төслийг зогсоосон болно. Энэ бол туйлын хариуцлагагүй үйлдэл болж, бидний олон жил хөөцөлдсөн хөдөлмөр үр дүнгүй болсон удаатай.
Харилцаа хамтын ажиллагааг өргөтгөх улс төрийн нэгэн шийдвэр тэр үед гарч Улаанбаатар хотын нэгэн гудамжийг Махатма Гандийн нэрэмжит болгож түүний хөшөөг байрлуулсан бол Нью Дели хотын нэгэн гудамжийг Улаанбаатар нэртэй болгосон байна. Неру гийн хөшөөг үү Махатма Гандийн хөшөөг Монголд байгуулах уу гэдэг асуудал яригдаж Энэтхэгчүүд Махатма Гандиг сонгосон. Яагаад вэ гэвэл түүний хүч үл хэрэглэх онолыг НҮБ –аар дэмжүүлж дэлхийн хэмжээнд гарган тавьсантай холбоотой байлаа. Бидний хувьд, Монгол өнцөгөөс харахад Ж.Неругийн хөшөөг байгуулах зөвшөөрөл нийслэлийн иргэдийн хурлаас гаргуулсан байлаа. Түүнчлэн Япон, Солонгос, Монголчуудын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод Бакула ламын сүм хийд, шашины сургууль байгуулагдан ажиллаж байна. Түүний хажууд ардын эмнэлэгийн хэсэг нэгэн адил үйл ажиллагаа явуулж байна. Тэдний хашаанд М.Гандийн хөшөөг Соном Ванчук хөөцөлдөн байгуулж Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэг авчээ.
1990 оноос хойш харилцааны шинэ чөлөөт үе эхэлсэнийг тэмдэглэсэн. Энэ нь өнөөгийн хоёр орон хоюул олон намтын системтэй болж, ардчилсан чөлөөт нийгмийг монголчууд өөртөө сонгон авсантай холбоотой. Өөрөөр хэлбэл монголчууд биеэ дааж Энэтхэгтэй явуулах бодлогоо шийдэн хөгжүүлэх шинэ үе эхэлсэн юм. ЗХУ –ын даралт шахалт байхгүй болсон үе эхэллээ. Энэхүү салбарт би 1976 оноос бараг 50 жил хүчин зүтгэсэндээ том хувь заяа гэж боддог бас харилцаа хамтын ажиллагааны бүх үйл ажиллагаанд оролцож, Энэтхэг судлалын төвийг одоо хариуцаж байна.
Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дараахь улс төрийн дээд хэмжээний айлчлалууд чухал ач холбогдолтой байсан. Үүнд:
-Монголын талаас Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал (1959, 1973), АИХ –ын тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх (1989), Ерөнхийлөгч П.Очирбат (1994), Н. Багабанди (2001), Ц.Элбэгдорж (2009), Х.Баттулга (2019)
- Энэтхэгийн талаас БНЭУ-ын дэд Ерөнхийлөгч Доктор Радхакришнан (1957), Ерөнхийлөгч Р.Венкатараман (1988), Дэд Ерөнхийлөгч Ш.Д.Шарма(1992), Дэд Ерөнхийлөгч К.Р.Нараянан ((1996), Дэд Ерөнхийлөгч К.Кант (1999), Ерөнхийлөгч Д.Патил (2010), Ерөнхий сайд Н.Моди (2015) тус тус айлчилж харилцаа хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсан билээ. Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил 2005 онд хоёр орны хооронд 13 Гэрээ, хэлэлцээр байгуулаад байгааг дурьджээ[1]. Тэгвэл 1990 оноос түүнээс хойш харилцаа хамтын ажиллагаа өргөжиж 27 хэлэлцээр байгуулсан байна[2]. Тухайлбал, 1994 оны Найрамдал хамтын ажиллагааны Гэрээ, 1988 оны Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хэлэлцээр, 1998 оны Аялал жуулчлалын хэлэлцээр, 2001 оны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллаганы хэлэлцээр, 2004 оны Сансар судлал, технологийн хэлэлцээр зэрэг болно.
Хоёр орны худалдааны эргэлт 2018 онд урьд өмнө байгаагүйгээр нэмэгдэж 52.7 сая ам.долларт хүрч өссөн. Энэтхэгчүүд манайхаас ноолуур, топс, хонины ноос зэргийг авахын зэрэгцээ кокжсон нүүрс, уран авах сонирхолтой. Манайх бүс даавуун эдлэл, гар урлалын зүйлсийг Энэтхэгээс авч байна.
Эдгээр айлчлал, Гэрээ хэлэлцээрийн үр дүнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэн хөгжүүлэхдээ, хоёр орны хооронд тогтсон “Оюун санааны хөрш “ “ийн онцгой харилцааны үндэс суурь дээр тулгуурласан байлаа.
Нөгөө талаас эртний Энэтхэг соёл, зан заншил, түүхийн хэлхээ холбоог онцгойлон үздэг улс төрийн Бхаратия Жаната нам Энэтхэгийн Төв засгийн эрхийг барих болсон нь харилцаа, хамтын ажиллагаанд илүү хүч өгч, онцгойлон үзсэн “Алтан үе” тэй давхцжээ.Үүнийг харуулсан нэгэн зүйл бол Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Монголд хийсэн Энэтхэг улсын Ерөнхий сайдын анхны айлчлал болно (Индира Ганди Монголд харилцаа холбоо мэдээлэлийн сайд байхдаа айлчилж байсан). Энэтхэгийн Ерөнхий сайдын Монголд хийсэн анхнытүүхэн айлчлал 2015 оны 5 дугаар сарын 16-17-нд болсон. Түүнийгээ хоёр орны хооронд Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой, Монголд ардчилал үүсэн хөгжсөний 25 жилийн ойтой Энэтхэгчүүд холбон тайлбарлаж, Монгол орны ардчилалыг дэмжиж байгаагаа онцгойлон илэрхийлсэн.
Н.Моди УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлэхдээ “ Монголын ардчиллын 25 жилийн ой тохиож буй энэ жилд ийнхүү үг хэлэх боломж олдсон нь онцгой аз завшаан юм. Танай орон бол манай дэлхий дэх ардчиллын гэрэлт шинэ од билээ. . .
....Миний бие оюун санааны хөрш 1.25 тэрбум анд нөхдийн тань халуун мэндчилгээг энэ хүндтэй танхимд тээж ирлээ....
Оюун санааны хөрш байхаас илүү харилцааны эрхэм дээд хэлбэр гэж үгүй ээ: мөн үүнээс илүү ариун нандин хэлхээ холбоо ч гэж үгүй бил ээ. Бидийг оюун бодолдоо тийнхүү тээж явдагт тань энэтхэгчүүд бид та бүхэнд нэн хүндэтгэлтэй байдаг.
... Та бид дипломат харилцааныхаа 60 жилийн ойгоо тэмдэглэж байна. Гэвч оюун санааны ертөнц дэх бидний хэлхээ холбоо хязгааргүй юм.
...Хүний үзэл бодол, хөдөлгөөний хязгаарлагдмал байсан олон зууны тэртээ аугаа монголчууд Ази, Европыг хооронд нь холбосон билээ. Тэдний эрэлхэг зориг, адал явдал өнөөдөр ч дэлхий даяар хүмүүсийн ой тойнд үлдэн хоцорчээ.Хүн төрөлхтөний түүхэн дэх тэдний нөлөө асар их юм гэж Чингис хааны үйл хэргийг үнэлжээ
...Түүхийн эргүүлгэнд та бидний соёл, утга зохиол, урлаг хоорондоо хэрэн холбогдож, Энэтхэг соёлын олон янзын баялаг өнгө төрх монгол газар ул мөрөө тод үлдээжээ.
Өнөөдөр Энэтхэг, Монгол хоёр орны хооронд тогтсон сэтгэл зүрх, оюун санааны харилцаа нь орон зайн саадыг давах хүчтэйг дэлхий дахинаа нотлон харууллаа.
... Монгол дахь Иогийн дэлгэрэлт нь бидний оюун санааны нэгдмэл болохыг илтгэж байна[3].
Энэтхэгийн Ерөнхий сайд хоёр орны харилцааны Энэтхэгийн талын Монголтой явуулах үндсэн зарчимуудыг тодорхойлж, оюун санааны хөрш гэдэг ойлголтыг шинээр тайлбарлаж, эртний хэлхээ холбоо харилцан шүтэлцээний уламжлалыг дүгнэж, Энэтхэгийн соёл уламжлалын олон сайхан зүйлийг өөртөө нандигнан хадгалж ирсэн монголчуудад талархлаа албан ёсоор илэрхийлсэн. Өөрийн орны түүх соёлыг Ерөнхий сайд маш хүндэтгэдгийг эдгээр нь онцлон харуулж байна. Түүгээр ч барахгүй монголчуудтай хамтарч Иогийн дасгал, бясалгалыг хийсэн нь энэтхэг, монголчууд хоорондоо эрт дээр үеэс оюун санааны хувьд үргэлж нэгдмэл байж, хамт явж ирсэнийг тэрээр биеэрээ харуулж, энэхүү хүн хоорондын шууд амьд холбоо үргэлж мөнх байхыг ерөөн бэлэгдсэн үйлдэл хийсэн юм.
Ерөнхий сайдын үгэнд шинээр орж ирсэн уламжлалт бус нэгэн өгүүлбэр байсан. Тэр нь Монголын ардчиллыг дэмжиж, манай орныг дэлхийн ардчиллын гэрэлт шинэ одтой зүйрлэн дэмжсэн үйл явдал байлаа. Ингэснээрээ бидний хоорондын харилцаанд ямар нэгэн бэрхшээл, саад хотгор, үзэл суртлын зөрчилгүй боллоо гэдгийг баталгаажуулж өгсөн. Түүнийг нь бид өнөөдөр хэрэгжүүлэх л үлдэж байна.
Мөн манай хоёр орон “Оюун санааны хөрш” гэдэг концепцийг Ерөнхий сайд Н.Моди баталгаажуулж, оюун санааны хөршийн тодорхойлолтыг “ Оюун санааны хөрш байхаас илүү харилцааны дээд хэлбэр гэж үгүй ээ. Оюун санааны хөршөөс илүү нандин хэлхээ холбоо ч гэж үгүй билээ”гэж дүгнэжээ. Энэ тодорхойлолт бол шинэ хамтын ажиллагааны онолын үндэс боллоо.
Айлчлалын явцад нэг тэрбум америк долларын хөнгөлттэй зээл олгох шийдвэрийг Ерөнхий сайд өөрөө заралсан. Энэ нь Энэтхэгийн эдийн засаг баян хангалуун болсоных биш байлаа. Тэд боломжоо шавхан оюун санааны хөршийнхөө эдийн засгийн хүнд байдлыг шийдэхэд өгсөн харамгүй тусламж байлаа. Түүний энэ шийдвэрийг эх оронд нь зарим хүн шүүмжилж байсан билээ. Энэхүү хөнгөлттэй зээл нь Монголд анх удаа газрын тосны үйлдвэр байгуулах боломжийг бий болгож улмаар үйл ажиллагаа одоо эд дундаа явагдаж байна. 2024 оноос үйлдвэрийн эхний хэсэг үйл ажиллагаанд орохоор төлөвлөгдөн ажиллаж байна.
Хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт өнөөдөр өргөжин хөгжиж хүнд хэцүү үед харилцан бие биедээ туслалцаж ирлээ. Энэтхэгийн засгийн газраас короновирусын эсрэг олон мянган тун тариаг Монголд үнэгүй нийлүүлж тусалсан бол монголчууд хариу болгон бага ч гэсэн мөнгөн дэмжлэг үзүүлэв. Тэр нь засгийн газрын болон хувь хүмүүсийн ханьдиваас бүрдэж байв.