logo

Монгол, Энэтхэгийн өнөөгийн харилцаа хамтын ажиллагаа - II

    October 14, 2024

Хоёр орны эртний хэлхээ холбоо, Монголын тухай Ж.Неругийн өргөн мэдлэг, манай ЭСЯ- ны идэвхитэй үйл ажиллагааны  үр дүнд, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 15 дугаар Чуулган дээр Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Ж. Неру- гаас “... Үүнтэй холбогдуулаад би Монгол гэдэг өөр нэгэн орны талаар яримаар байна. Хэрэв НҮБ ийм олон орныг гишүүнээр элсүүлж байгаа юм бол Монголыг яагаад элсүүлэхгүй гэж? Ямар буруу юм тэд хийсэн гэж энэ вэ?НҮБ-ын Дүрэмд заасан ямар заалтыг тэд зөрчсөн гэж вэ? Монголын ард түмэн энхийг эрхэмлэж, улс орныхоо хөгжил дэвшил өөд тэмүүлж байгаа эгэл даруу, ажилласаг, тайван дөлгөөн  энэхүү ард түмнийг НҮБ хэмээх чухал байгууллагын гадна үлдээх гэж байгаа явдлыг зарчмын үүднээс туйлийн буруу гэж үзжэ байна” гэжээ. Энэ үг хөгжиж байгаа орнууд болон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний орнуудад Монгол орныг таниулж өгсөн улс төрийн чухал мэдэгдэл байлаа.

Ийнхүү XX зууны Монгол-Энэтхэгий харилцаа хамтын ажиллагаа маш тууштай, итгэлтэй, ирээдүйтэй болж албан ёсны найрсаг Дипломат харилцааны эхлэл тавигдсан түүхтэй. Ном хэвлэлд тэмдэглэгдээгүй нэгэн зүйлийг энд дурьдяа. Энэтхэгийн улс төрийнхний 1940-50-д оны хүрээнд дараах нэгэн зүйлийг инээдэм наадам болгон ярьдаг байсныг хуваалцьяа: “ Цагаан арьстангууд л биднийг, тухайлбал Азийнхныг эзлэн колончилж байх юм. Азиас Европын цагаан арьстанг эзэлж байсан түүх байна уу? гэж ярилцаад, түүх судлаад үзсэн чинь Монголчууд  дэлхийн хагасыг эзэлж, цагаан арьстаныг эрхшээлдээ авч  байсныг олж мэдээд монголчуудаар бахархаж, зориг хүч авдаг байсан” хэмээн Энэтхэгийн ахмадууд инээлдэж байхыг дуулсан юм байна.

Энэхүү албан ёсны дипломат харилцаа нь өнө эртний хэлхээ холбоо, оюун санаа сэтгэл зүйн нөхөрсөг байдал дээр тулгуурлан шинээр  Монгол, Энэтхэгийн ард түмний дунд оршдог эртний хэлхээ холбоог сэргээсэн юм. Харилцааг өргөн эрч хүчтэй хөгжүүлэхэд тухайн үед дэлхий дээр тогтсон хөрөнгөтний болон социалист хоёр системийн эсрэг тэсрэг үзэл бодол, шашины үйл ажиллагаа биднийг төдийлөн ойртуулж өгөхгүй байлаа. Нөгөө талаас олон намын системтэй, ардчилсан  Энэтхэгийн олон ургалж үзэл бодол нь Монголын нэг намын системтэй социалист Зөвлөлтийн үзэл бодолтой зөрчилдөж байсан учраас харилцаа, хамтын ажиллагаа 1990 он хүртэл тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байж, бидний хамтын ажиллагаа явуулах хүсэл эрмэлзэл зарим санасан хэмжээнд хүрдэггүй байсан юм.

Монгол-Энэтхэгийн дипломат харилцаа тогтоосон үеийн хамтын ажиллагааг би дараахь байдлаар хувааж үзэж байсан байна.Үүнд: А. 1947-1954 он дипломат харилцаа холбоо тогтоох оролдлогыг хайж эрсэн үе. Б. 1955-1970 он  албан ёсны дипломат харилцаа тогтоож, элчин сайдын Яамдыг байгуулсан үе. В. 1970-1990 он, соёл, шинжлэх ухаан, худалдаа, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн  Гэрээ, Хэлэлцээр байгуулж хамтын ажиллагааны бааз суурийг тавьсан үе.Г.1990 оноос ардчилсан, чөлөөт Монгол-Энэтхэгийн харилццны шинэ үе эхэлсэн.

Бүгд Найрамдах Энэтхэг улсын элчин сайдын яам
Монгол улсын гадаад харилцааны яам